Ираны баг ДАШТ-ээс хасагдсанд баярласан иргэнийг Тегераны хууль сахиулагчид буудан хөнөөжээ
Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтдоо Ираны үндэсний шигшээ баг АНУ-ын багт 1:0 харьцаатай хожигдсоноор тэмцээнээ өндөрлөсөн билээ.
Энэ хожигдол нь засгийн газрынхаа эсрэг тэмцэж буй Ираны иргэдийг баярлуулсан юм. Учир нь үндэсний шигшээ багаа тэд Тегераны харгис дэглэмийн төлөөлөл гэж үзэж, дэмжихээс татгалзаж байв.
Мягмар гарагийн орой өөрийн шигшээ багийг хожигдсонд баярласнаа илэрхийлж, машиныхаа дохиог дуугаргасан иргэн Ираны хууль хүчнийхэнд буудуулж алуулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Ираны баруун хойд бүсийн Каспийн тэнгисийн эргийн Бандар Анзали хотод 27 настай Мехран Самак гэдэг залуу ийм үйлдэл гаргасныхаа төлөө толгойдоо буудуулж алагдсан тухай хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.
Иран, АНУ-ын шигшээ багуудын тоглолт нэлээд улс төржсөн үйл явдал болсон юм. Ираны шигшээ багийн гишүүд хэсгийн эхний тоглолтод орохоосоо өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзаж, иргэдийнхээ тэмцлийг дэмжиж байв.
Харин дараа нь Уэльс, АНУ-ын шигшээ багуудтай тоглохоосоо өмнө төрийн дууллаа дуулсан нь тэднийг Тегераны эрх баригчдын дарамт шахалтад орсон байж болзошгүй гэх яриа тарахад хүргэсэн юм.
Шигшээ баг нь ДАШТ-ээс хасагдсаны дараа Мягмар гарагийн орой Ираны хотуудын гудамж талбайд иргэд хөөр баяраа тэмдэглэж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал орчинд олноор таржээ.
Харин Ираны төрийн төв хэвлэлд шигшээ багийнх нь хожигдолд гадаадын болон дотоодын дайсагнагч хүчнүүдийн дарамт шахалт нөлөөлсөн тухай шүүмжлэн бичсэн байна.
Есдүгээр сарын дундуур шашны дэг ёсны дагуу хувцаслаагүй шалтгаанаар цагдаагийн газарт саатуулагдсан 22 настай Махса Амини гэдэг бүсгүй учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан нь Иран даяар иргэдийг засгийн газрынхаа эсрэг босоход хүргэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд хамгийн цөөндөө 448 иргэн Тегераны дэглэмийн хууль хүчнийхний гарт амиа алдсаны 60 нь хүүхэд байсан гэж хүний эрхийн байгууллага мэдээлж байна.
Нийтдээ 18,000 гаруй иргэн энэ хугацаанд баривчлагджээ.
Эх сурвалж: BBC