УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд 10 цагаас тус тус болох юм. Мөн зарим ажлын хэсгүүд хуралдана. Үүнд, Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсэг, Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг, Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын дэд хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдах тов гарчээ.