Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт сураггүй алга болсон талаарх мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 30-ны 08:00 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгдсэний дагуу хилчид нэн даруй эрлийн ажиллагаа эхлүүлж, 09:50 цагийн орчимд иргэдийн хоёрыг олсон байна.
Эхний ээлжинд иргэн А-гийн эхнэр, нэг настай охиныг автомашиндаа байхад нь олсон бөгөөд бээрсэн, захын эрхтнүүд нь хөлдсөн тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлжээ.Харин машины жолооч, иргэн А-г цааш эрэн хайхад эхний газраас 3 км-ын зайд осгосон байдалтай нас барсан байжээ.
Талийгаач иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна.Тэрээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явжээ.
Дээрх харамсалтай үйл явдалтай холбоотойгоор эрс хүйтэрч байгаа энэ цаг үед ард иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг Хил хамгаалах байгууллагаас анхааруулж байна.