Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийт 100 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ. Өчигдөр Монгол Улсын Морин хуурын чуулга "NHK Hall"-д тоглолтоо хийснээр 50 жилийн ойн хүрээн дэх урлаг соёлын арга хэмжээний хаалт болж байгаа аж.
Хоёр цаг орчим үргэлжилсэн тус тоглолтыг Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар үзэж сонирхсон. Энэ нь коронавирусийн халдварт цар тахлаас хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцож буй тохиолдол гэдгийг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолтын дараа хэлж байв.
Тэрбээр "Япон улсын Цог жавхлант эзэн хаан өөрийн биеэр ирж тоглолт үзлээ. Их сайхан сэтгэгдэлтэй гарч байна. Гарахдаа танд маш их баярлалаа, Танай хамтлаг гайхалтай байна гэж хэлээд гарлаа. Энэ бол түүхэн үйл явдал гэж үзэж болно. Эзэн хаан КОВИД-19-ийн үеэс хойш олон нийтийн арга хэмжээнд анх удаа оролцож, манай Ерөнхийлөгчийг хүндэтгэн ирж байгаа юм байна. Энэ бол тун чухал зүйл" хэмээсэн юм.
Түүнчлэн тоглолт дууссаны дараа үзэгчид алга нижгэнүүлэн ташсаар чуулгын бүрэлдэхүүнийг дахин тайзнаа урьсан. Энэ нь мөн чуулгыг бүрэлдэхүүнээр нь дахиулж буй анхны тохиолдол болжээ.