“Хэдэн мянган жил хуримтлагддаг гүний усаар жорлонгийнхоо бохирыг урсгаж, машинаа угааж, барилгын зуурмаг бэлдээд л ямар баян байгаа вэ” гэж халаглах вий. Тиймээс одоогоос л гүний усаа хайрлан, гамнаж, хэрэглэх нь нэн чухал асуудал болж, цэвэр усны хомсдол ойрхон байгааг сануулсан нийтлэлийг уншиж сонсох (нийтлэлийг аудио хэлбэрээр давхар байршуулсан нь шинэлэг байлаа) зуур өөрийгөө бас усыг яг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэж чаддаг эсэхдээ эргэлзсээр шинэ гарсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй феллов хөтөлбөрийн бүтээлийн шинэхэн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд ийнхүү нээгджээ.
“Гүнээсээ хайрлая” газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн урт хугацааны аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын Холбоо TББ, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” ХХК хамтран зохион байгуулжээ.
“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчид, оюутан залуусын дунд уралдаант феллов хөтөлбөр зарлаж оролцогчдодоо газрын доорх усны талаар туурвих уран бүтээлд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгох сургалт, уулзалтуудад хамруулж мэргэжлийн зөвлөгөө өгснөөр уг уралдаант хөтөлбөр эхэлсэн юм.
Мөн ус дахин ашиглалтаараа тэргүүлэгч Оюу толгой компанийн уурхай усны эх үүсвэр, усан хангамжийн байгууламжуудтай сонгогдсон оролцогчдыг танилцуулан бодитоор үзүүлснээр уурхайн ус ашиглалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлж чадсан нь үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс тодхон харагдаж байв.
Хөтөлбөрийн оролцогч залуус нийтлэл, фото зураг, график дизайн гэсэн төрлүүдээс сонгон эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх усны үнэ цэнийг ойлгуулах аянд өөрсдийнхөөрөө нэгдэж маш сонирхолтой, мэдлэг нэмж асуудал дэвшүүлсэн олон бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжийг энэхүү үзэсгэлэн бидэнд олгож байна. Зөвхөн бүтээлүүд төдийгүй мультимедиа хэлбэрээр бэлтгэсэн 360 өрөөнд орж бидний амьдралын эх болсон усны дүрслэлд умбаж нүд чихээ нэгэн зэрэг баясгахыг урьж байна.“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй феллов хөтөлбөрийн үзэсгэлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй 2022 оны 11 сарын 22-ны өдрөөс 12-р сарын 03-ны хооронд Монголын уран зургийн галерейн 2 давхарт зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна.