Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан "Алтан цуглуулбар-999" номын үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний номын санд боллоо. Энэхүү үйл ажиллагааг Үндэсний төв номын сан Монголын дипломатын академитай хамтран зохион байгуулжээ.
"Алтан цуглуулбар-999" үзэсгэлэнд Чингис хаан хийгээд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох 19 орны 23 хэл дээрх, 1835-2022 онд хамаарах 1,000 төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулав. Тус үзэсгэлэн 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл төв номын сангийн үнэт ховор номын музейд үнэ төлбөргүйгээр гарах юм.
Уг номын үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй болон Монголын дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд элчин сайдаар суух хугацаандаа суугаа орнуудаасаа цуглуулсан ном шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжээс Эзэн Богд хааны 860 жилийн ойн соёрхол болгосон байна.
Монголын Дипломатын академийн гүйцэтгэх захирал Х.Бэхбат "Энэхүү үзэсгэлэнд Чингис хаан болоод Монголын эзэнт гүрний тухай нэг сэдэвт ном, зохиолыг дэлгэж байгаа. Эдгээр ном нь XIII-XXII-р зууныг хүртэлх Чингисийн сэдэвт зохиолуудаас цуглуулсан бүтээлүүд юм. Энэ удаагийн үзэсгэлэнгээр 1,000 гаруй ном зохиолыг нийтэд үзүүлж байна.
Уг үзэсгэлэнгийн ач холбогдол нь гэвэл Чингис судлал Монголын төдийгүй олон улсын хэмжээнд ямар түвшинд байгаа болон цаашдаа ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдгийг харах боломжийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Чингис хаан, монголчуудын өв соёл түүхийг судалж хойч үедээ үлдээх томоохон ажил энэхүү зохиол, бүтээлд шингэх ёстой. Мөн 1,000 номоос 20 хувь нь монгол хэлээр, 80 хувь нь гадаад хэлээр бичигдсэн байгаа" гэлээ.