БНМАУ-ын Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэвийн мэндэлсний 110 насны ой энэ онд тохиож байна. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээрээ “Халхын сайхан Юндэн” хэмээн алдаршсан тайзны нэрт жүжигчин, “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн алтан үеийн уран бүтээлчийн их ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Театрын музейд нээлтээ хийж байна. Нэрт жүжигчний ганц хүү Цэрэндэндэвийн Төмөрхуягийн эхнэр Ш.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрт найрал дуучнаар 26 жил ажиллаад тэтгэвэртээ суужээ.
-Арслан тайж бол монголчуудыг сэтгэлд мөнхөрч үлдсэн дэлгэцийн урлагийн онцгой дүрүүдийн нэг. Арслан тайж А.Цэрэндэндэв гуай хоёрт ижил төстэй шинж чанар байдаг уу?
-Аав өндөр тэгш нуруутай, гялалзсан ширүүн харцтай сайн мэдэхгүй хүн бол сүрдэж мэдэх дүр төрхтэй. Үг яриа нь ч түс тас, бөөрөнхийлөөд байхгүй, шулуун шударга хүн байсан. Тэр шинжээрээ аав Арслан тайжийн дүртэйгээ төстэй байж магадгүй. Хүн чанарын хувьд гайхалтай сайн хүн байсан даа.
-Аав тань халхын сайхан Юндэн хэмээн алдаршиж байсан үеийнхээ талаар, урлагийн талаар та нарт ярьдаг байв уу?
-Аав урлагт их эрт орсон, эрт ч гарсан. Би аавын тайзан дээр тоглож байхыг нэг ч удаа хараагүй учир тийм байсан гэж хэлэх зүйл надад байхгүй. Намайг бэр болж ирэхэд аав 60 гарчихсан байсан. Театрт мандаж явсан үе нь бүр 1940-өөд он шүү дээ. Хадам аавын тайзан дээр дуулж, жүжиглэж байсан үеийг би мэдэхгүй л дээ. Цаг хугацааны хувьд мэдэх боломжгүй юм. Аав их эрт тэтгэвэрт суугаад, группээсээ тэтгэврээ тогтоолгосон. Хоёр ч удаа цус харвасан хүн шүү дээ.
Гэхдээ би Дуурийн театрын дуучин учир аав бид хоёр урлагийнхныг, хөдөө тоглолт хийгээд бригадаар явж байсан үеэ сонирхуулж ярина аа. Ярьж байгаа хүмүүсийг нь би “Ах аа, эгч ээ” гэхгүй ч гэсэн мэднэ л дээ.
-Таны нөхөр ямар мэргэжлийн хүн байв?
-Манай өвгөн Одесст пуужин чиглүүлэгч мэргэжлээр төгсөж ирсэн цэргийн хүн, бас л гэрийн бараа харахгүй. Төв аймгийн Сэргэлэнгийн дивиз, Өвөрхангайн дивизийн хооронд явдаг ажилтай. Төв аймагт ажиллах үедээ бол долоо хоногтоо хоёр ирнэ. Өвөрхангай руу явчихвал хоёр сар ч ирэхгүй. Би Дуурь бүжгийн эрдмийн театрт найрал дуучин, дуучид бас л гэрийн бараа харахгүй. Хадам аав, хадам ээж хоёроо асарна, хүүхдүүд жаахан ачаалал ихтэй ч амжуулдаг л байлаа. Тэр үед харин Яармагийн автобус хамгийн сайн явдаг, бүр “Яарвал Яармаг” гэсэн үгтэй. Орой долоон цагт тоглолттой, нэг тоглолт хоёр цаг 30 минут үргэлжилнэ. Бушуухан нүүрний будгаа арилгаад Багшийн дээдээс Яармагийн автобусанд сууна. Хэчнээн орой тарсан ч автобус олддог.
Манайх автобусны буудалдаа ойрхоон, автобусны буудал дээр чангахан хоолойгоо засахад манай нохой хаалга руу дүүлдэг. Тэр чимээнээр аав, ээж хоёр намайг ирж байгааг мэддэг. Аав бол өөлөхийн аргагүй сайн хүн. Өөрөө урлагийн хүн учир намайг оройтлоо гэж зэмлэхгүй, хадам ээж ч миний ажлыг ойлгоно. Орой ирэхэд миний хоолыг зуухан дээр хучаад тавьчихсан байдагсан. Би театрын хүн, тар гэсэн цагт л тарна. Оройтсон ч ар гэртээ санаа зовохгүйгээр ажлаа хийдэг байлаа. Би 1978 онд сургууль төгсөөд Дуурийн театрт ажилд ороод, 2004 онд тэтгэвэр суутлаа тасралтгүй ажилласан юм.
-А.Цэрэндэндэв гуай БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолыг их залуудаа хүртсэн юм билээ?
-Тийм ээ. 1942 онд 30 насандаа “Сүхбаатар” кинонд жанжны дүрийг бүтээсэн Л.Свердлиний орлон тоглогчоор тоглохдоо орос жүжигчнээс дүр бүтээх талаар багагүй зүйл сурч, монгол хүн моринд гарамгай болохыг харуулах их чармайсан гэдэг. Энэ кинонд онц зүтгэлтэй оролцсоны учир 1942 онд Улсын гавьяат жүжигчин цол олгож, Алтан гадас одонгоор шагнасан.
-Тэр үеийн шагнал бол өнөөгийнхтэй адилгүй. Яг л авьяастай, хийсэн бүтээсэнд нь олгодог үнэ цэнтэй шагнал байжээ.
-Тэр үед арын хаалга гэж байсан биш. Аав гайхалтай авьяаслаг уран бүтээлч байсан. Хийж бүтээснийг нь улс үнэлээд, шагналуудаа залууд нь өгсөн байдаг. Монгол БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонг жигтэйхэн ойрхон авсан юм билээ. 110 жилийн ойг нь өнгөрсөн зун бид төрсөн нутаг Төв аймгийн Алтанбулаг суманд нь тэмдэглэсэн. Бүх шагналуудыг нь жаазлаад тавьсан.
-Та хадам аавынхаа өвийг хадгалж үлдээсэн сайн бэр байна даа?
-Надаас өөр хэр хадгалах билээ. 110 жилийн ойг нь тэмдэглэх Төв аймгийн Засаг даргын захирамж ч гарлаа. Хадам аав хоёр эрэгтэй дүүтэй юм. Би дүү нарынх нь хүүхдүүдтэй уулзаад ойн тухай ярьтал ямар сайхан дэмжсэн гэж санана. Ойг нь тэмдэглэлгүй яах вэ, хэдүүлээ эрвийх дэрвийхээрээ бэлдье гэсэн. Гол дөрвөн айл байгаа юм. Зардлаа тооцоолоод дөрвөн айлдаа хуваагаад бүгд гаргасан. Алтанбулаг сум зориулалтын Соёлын төвгүй, сургуулийн нэг заалыг Соёлын төвөөр болгон ашигладаг. Тэр нь өнгө зүс муутай юм аа. Энэ заалыг л засаж янзлаад ойгоо хийе гэж дүү нартайгаа зөвлөлдөөд, Алтанбулагийн соёлын төвд засвар хийлгэж, хөшигнөөс эхлээд бүх юмыг нь шинэчилсэн.