-Зүүнбаян Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын нээлт өнөөдөр боллоо-
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад орууллаа. Энэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд төр, хувийн хэвшлийн санхүүжилтийн хүрээнд найман сарын хугацаанд гүйцэтгэж, шинэ ган замаар анхны галт тэргийг аялуулсан юм.
Хангийн төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон бүтээн байгуулагчид, төмөр замчид, орон нутгийн иргэд оролцлоо.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛЧУУД БИД АЖИЛ ЭХЛҮҮЛЖ БОГИНО ХУГАЦААНД БҮТЭЭН БАЙГУУЛЖ ЧАДДАГ ГЭДГЭЭ ОЛОН УЛСАД НОТЛОН ХАРУУЛЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёслолын нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын экспортын гол гарц Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр замыг найман сар буюу зун, намрын хоёрхон улиралд барьж болдгийг өнөөөдөр бид харлаа.
Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт ийм хурдаар үргэлжилсэн бол өнөөдөр Монгол гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байв. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин давтах ёсгүй.
Монголчууд бид ажил эхлүүлж богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад нотлон харууллаа. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Боомилогдсон боомтын зангилаа энэ бүтээн байгуулалтаар тайлагдаж байна гэлээ.
Зүүнбаян Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцыг ашиглахад бэлэн боллоо. Шинэ төмөр ашиглалтад орсноор импорт, экспортын бараа нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносч цаг хугацаа, тээвэрлэлтийн өртөг хэмнэгдэж буй юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэл удирдан, дотоодын 180 аж ахуй нэгж, 3500 гаруй ажилчид оролцон амжилттай хийж гүйцэтгэлээ. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор 1300 гаруй ажлын байр бий болж байна.
“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам нь 1520мм царигтай, 25тн-ын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, III зэрэглэлийн дохиолол төвлөрүүлэлт, хориглолын системтэй.