Аргентины шүүх улсынхаа өнөөгийн дэд ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнерыг авлигын хэрэгт гэм буруутайг нь тогтоон зургаан жилийн хорих ял оноожээ. Энэ нь тус улсад дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа ял сонссон анхны тохиолдол болж буй аж.
Энэ жил 69 настай Кристина Фернандез нь 2007-2015 онуудад Аргентины анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Шүүхээс түүнд мөн төрийн албанд ажиллах эрхийг нь насаар нь хориглох шийдвэр гаргасан байна.
Прокурор Диего Лусиани уг хэргийг Аргентины түүхэн дэх хамгийн том авлигын хэрэг гэж үзжээ.
Кристина Киршнерийг 2016 онд Санта Круз мужид олон арван тендерээс авлига авч улсад нэг тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж үзэж байгаа аж. Авлигад холбогдсон зам болон барилгын олон төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй аж.
Өөрийнх нь эсрэг хэргийг улс төрийн явуулга гэж үзэж байгаа Кристина Фернандез де Киршнер давж заалдах процессийг уртасгаж, Дэд Ерөнхийлөгчийн халдашгүй эрхийнхээ хүрээнд биеэр ял эдлэх магадлал тун бага юм.