Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Бүгд амны хаалтаа ав. Царай царайгаа хараад ярилцъя. УИХ, Засгийн газраас юу хийх вэ гэдгийг дөрвөн хоног харлаа. Ард түмэн дөрвөн хоног төв талбайд жагслаа. Та бүхэн ард түмнээр нүүрсний хулгайн таавар таалгалаа. Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар.
Тэр хулгайч нартай яагаад тэмцэхгүй байна вэ. Манай ард түмэн улс төрийн өндөр соёлтой болсон юм байна. Ямар учраас арга хэмжээ авахгүй байна вэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өгөөч. Засгийн газраас тэр нүүрсний хулгай хийсэн нөхдүүдийг нэрлэж болохгүй байна вэ. Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улстөрчид нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу.
Та нар яагаад ард түмнийг бухимдуулаад байгаа юм бэ. Дандаа залуучууд өвлийн хүйтэнд жагсч, бухимдлаа илэрхийлж байна. Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. Засгийн газар, УИХ-ыг ард түмэн ажлаа хий гэж шаардаж байсан бол одоо огцор гэж байна. Монгол Улс ардчилсан улс. Сонгуулиар асуудлаа шийддэг улс. Хүчирхийллээр асуудлыг шийддэг улс биш. Хэн нэгний дур зоргоор шийддэггүй. Та бүхэн энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана.
Ажлаа хийж чадахгүй бол дахин ард түмэн сонголтоо хийж, төр засгаа эмхлэн байгуулах цаг ирж магадгүй шүү. Тэр цаг хаяанд ирсэн байна. Ард түмнээс сонгогдсон Монгол Улсын төрийн тэргүүнийхээ хувьд ард түмнийхээ талд хатуу зогсоно.
Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц" гэв