Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулаад байна.
Тэгвэл энэ өдрүүдэд автозамын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болох нөхцөл байдал үүсч байгаа тул Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн. Тэгвэл эл саналыг Хотын дарга Д.Сумъяабазар дэмжжээ.
Харин энэ талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын улмаас танхимын хичээлийг хааснаас болж бид маш том хичээлийн хоцрогдолтой болсон. Тиймээс миний зүгээс нэг ч өдрийн хичээлийг хаамааргүй байна. Гэхдээ цэцэрлэг болон бага ангийн сурагчдын хувьд болохгүй хувилбар биш. Дунд болон ахлах ангийн хувьд тодорхой хүндрэл үүсэх байх. Удахгүй сурагчдын амралт эхлэх гэж байна. Ер нь түгжрэлийг сургуультай холбох нь хуучинсаг сэтгэлгээ гэж би харж байна” гэв.