Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жагсагчид дараах гурван шаардлагыг тавьж байгаа. Нэгт, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж буй. Хоёрт, нүүрсний хулгайд оролцсон хүмүүст 15 жилийн ял өгөөд хөрөнгийг нь улсын орлого болгохыг шаардаж байгаа. Гуравт, цар тахлын үеийн төсвийг ил тод болгох шаардлага тавьж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын үеийн төсвийг ил тод болгох асуудлыг Шадар сайд С. Амарсайханд даалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр, олон улсын байгуулагын зээл тусламжийн мөнгөөр цар тахлын үед зарцуулсан бүхий л зардлуудыг олон нийтэд ил болгохыг даалгасан. С.Амарсайхан сайд ирэх долоо хоногт олон нийтэд, ил тод байршуулах үүрэг хүлээсэн.
Нөгөө хоёр шаардлагын тухайд зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байж олон нийтэд ил тод болгох асуудал. Монгол Улсын Үндсэн хуулиар хууль дээдлэх ёс төрийн үйл ажиллагааны үндэс хэмээн зарласан. Тиймээс энэ зарчмын дагуу, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байж олон нийтэд ил болгох боломжтой. Жагсагчдын тавьж байгаа хоёр дахь шаардлага их ойлгомжгүй. 15 жилийн ялыг хэн, хэнд , яаж оногдуулах нь ойлгомжгүй. Ял оногдуулах, хөрөнгө хураах асуудал бол шүүх эрх мэдлийн асуудал. Уг нь үүнийг жагсагчдад тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна" гэв.