Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий H хэсгийн хоёр дахь тоглолт Пүрэв гарагт Португал, Гана улсын шигшээ багуудын хооронд өрнөж 3:2 харьцаатай өндөрлөж, португалчууд эхний хожлоо авлаа.
Энэ тоглолтын үеэр Португалийн домогт тамирчин өдгөө 37 настай Кристиано Роналдо дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд таван өөр ДАШТ-д өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан анхны тамирчин болж бичигдэх амжилтын эзэн болжээ.
Үүнээс гадна Роналдо ДАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад тамирчдын хоёр дахь нь болж байгаа юм. Тэрбээр 37 нас, 292 хоногтойдоо гоол оруулсан бол 1994 онд Камеруны Рожер Милла 42 нас, 39 хоногтойдоо ДАШТ-д гоол оруулж байжээ. Дараагийн ДАШТ-д 41 настай байх Роналдо энэ амжилтыг эвдэх боломжтой юм.
Эх сурвалж: BBC