Өчигдөр цасанд суусан тухай дуудлага ОБЕГ-т олноор бүртгэгджээ. Тухайлбал, Багануур дүүрэгт гурав, Багахангай дүүрэгт нэг, Төв аймагт хоёр дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Өвөр Жанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллажээ. Мөн Багануур дүүргийн хоёрдугаар хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркын авто машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 22-48 насны гурван том хүн, 0-13 насны таван хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгаалжээ.
Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.