Ням гарагт Катар улсад болж өнгөрсөн хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын нэг гол дүр нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон байв.
44 настай ерөнхийлөгч Лусайл стадионы VIP суудлаас шигшээ багийнхаа Аргентины эсрэг тоглолтыг сэтгэл хөдлөн үзэж, тоглолтын дараа хувцас солих өрөөнд зочилж, тамирчдадаа урмын үг хэлсэн байна.
Францын шигшээ баг Аргентины багтай эн тэнцүү өрсөлдөж, торгуулийн цохилтоор хожигдсоны дараа Макрон суудлаасаа буун талбайд гарч, өөрийн залуу од Мбаппег аргадаж байв.
Хэдийгээр тамирчин төрийн тэргүүнтэйгээ ярилцах хүсэлгүй болтлоо гутарсан байсан ч Макрон түүнийг тэвэрч, цээжиндээ нааж байсан юм.
“Түүнийг Мбаппед цавуу шиг наалдахыг харах хэцүү байлаа” гэж Францын сөрөг хүчний улс төрч, парламентын гишүүн Себастен Чену хэвлэлд ярьжээ.
Мэдрэмжтэй, хяналтаа алддаггүйгээрээ алдартай Макрон хаалтын ёслолын үеэр Катарын эмир зэрэг бусад хүндэт зочидтой зэрэгцэн тамирчдын хүзүүнд медаль зүүж байсан юм.
Францын хэт зүүний үзэлтэй сөрөг хүчний намын тэргүүн Мануэл Бомпард “Бид спортыг улс төржүүлэх ёсгүй” гэсэн Макроны үгийг твиттер хуудсандаа ёжлон бичжээ. Хүний эрх зөрчдөг Катарт ДАШТ зохион байгуулж буйг Макрон өмөөрөхдөө өмнө нь ингэж хэлж байсан юм.
Бомпард дараа нь хэвлэлд ярихдаа Макроныг тэр орой Францын шигшээ багийн “12 дахь тоглогч шиг аашиллаа” хэмээн шүүмжилжээ.
Хөл бөмбөгт дуртай Макрон 2018 оны ДАШТ-ий үеэр бас багаа дэмжихээр ОХУ-д очиж, тамирчидтайгаа хувцас солих өрөөнд уулзаж байсан түүхтэй.
“Эмгэнэлтэй, баяр хөөртэй аль ч тохиолдолд энэ мөч зөвхөн тамирчдад хамаатай байх ёстой. Түүний үүрэг, байр суурь энэ үеэр бүдгэрэх ёстой байсан” гэж Францын спортын нэг хэвлэлд бичжээ. Уг нийтлэл “Макрон отон тоглолтын байрлалыг хэтрүүллээ” гэсэн гарчигтай байв.
Лхагва гарагт болсон Франц-Мароккогийн шөвгийн дөрвийн тоглолтыг үзэхийн тулд Макрон бас Катарт очиж байжээ.
Эх сурвалж: Ikon.mn