УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар хийж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулжээ. 39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллах юм. Харин зөвлөх багт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нараас гадна өмнө нь намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, З.Энхболд нар багтжээ.
АН-ын Эв нэгдлийг хангах ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь " 2020 оны сонгуульд АН амжилт багатай оролцсон. Сонгуулийн дараа АН-ыг шинэчлэх үйл явц үргэлжлэх үед ковид гэдэг өвчин гарч, орон даяар цахим хурал уулзалт болж хугацаа алдсан. АН-ын цахим, цаасан сонгууль болсон. Энэ бүх үйл явдлыг Улсын дээд шүүх дээр бүртгүүлэх ёстой. Өнөөдөр АН-ын долоон удаагийн хүсэлт дээд шүүхээс буцсан. Иймээс бид бодит нөхцөл байдалтай эвлэрэх ёстой. Дараагийн сонгууль хүртэл 1,5 жил, өөр улс төрийн нөхцөл байдлыг үгүйсгэх аргагүй. Энэ ондоо багтааж АН ээдрээтэй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бүх асуудлаа шийдвэрлэнэ. 200 гаруй мянган гишүүдийн эрх ашигт нийцсэн дүрэм журмуудаа боловсруулж, намын удирдлагууддаа уламжилна" гэлээ.