Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28 буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28, 29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сарын 27-нд цас орох тул 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй” хэмээн мэдээлэв.
Онцгой Байдлын Ерөнхий Газрын зөвлөмж:
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх;
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх шаардлагатай.