Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан "Саяхан болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар улс төрийн шинэ, сонирхолтой бүтэц бий болгосон. Тэр бүтэц нь Хяналтын засгийн газар буюу улс төрийн зөвлөл гэдэг байгууллага байгуулж байгаа. Энэ байгууллагын тэргүүнээр намайг томилсон. Ер нь Хяналтын засгийн газар буюу сүүдрийн засгийн газар гэх улс төрийн хэлбэр нь дэлхийн 30 орчим улсад хэрэгжиж байгаа. Гол зорилго нь шийдвэр гаргаж байгаа Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор анх сэдэж байна. Хэрэв энэ амжилттай болох юм бол Засгийн газар, эрх баригчдын үйл ажиллагааг илүү хяналттай болгох, шийдвэрлэх асуудалд өөр хувилбар байж болдгийг ойлгуулахад чухал үүрэгтэй гэж бодож байна. Энэ бүтэц хараахан ажиллагаанд орох болоогүй. Ирэх жилээс хичээж ажиллуулна. Монголын ардчиллын чанарыг дээшлүүлэхэд хамтарч ажиллаж болно.
Ардчиллын төлөөх намууд нэгдэх үйл явц эхлэхийн өмнө бид хариуцлагатай олон хууль зүйн баримт дээр үндэслэж харсан. Өнөөдөр Монгол Улсад АН гэдэг нэртэй ганцхан нам л байгаа. Энэ бол дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамга тэмдэгтэй, С.Эрдэнэ гэсэн даргатай л нам бий. Өөр намууд үүссэн эсвэл хагаралдсан гэж харах нь буруу гэдгийг шулуухан хэлмээр байна" гэлээ.