Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
Бразилын хөл бөмбөгийн хаан Пеле 82 насандаа таалал төгслөө
2022-12-30 10:09

Бразилын хөл бөмбөгийн хаан Пеле 82 насандаа Сан Паоло хотын эмнэлэгт нас барсныг гэр бүлийнхэн нь өчигдөр зарлажээ.

Бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас домогт тамирчны олон эрхтний ажиллагаа доголдсон нь үхлийн шалтгаан болсныг Альберт Эйнштэйн Израилита эмнэлгийн захиргаа мэдээлсэн байна.

Тэрбээр арваннэгдүгээр сараас хойш тус эмнэлэгт хэвтэж байсан юм. Пелегийн замналын ихэнх шилдэг тоглолтууд болж байсан Сан Паоло хотын ойролцоох Вила Белмиро стадионд ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагуудад оршуулгын ёслолыг зохион байгуулахаар болжээ.

Даваа гарагийн өглөө Пелегийн шарилыг эмнэлгээс гаргаж, стадионд хүргэх гэнэ. Ингэхдээ түүний 100 настай ээж Селестийн амьдардаг Сантуш хот дахь гэрийн үүдээр дайрч өнгөрөх юм байна.

Бразилын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар домогт тамирчны ээж одоо хэвтэрт, ухаан санаа нь муудсан байгаа гэнэ.

Пеле буюу Эдсон Арантис ду Насименту 1940 оны аравдугаар сарын 23-нд мэндэлсэн юм. Тэрбээр 1958, 1962, 1970 онуудад хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байсан бөгөөд гурван удаа ДАШТ-д түрүүлсэн цорын ганц хүн ажээ.

Дэлхийн хөл бөмбөгийн дээд байгууллага FIFA түүнийг Аргентины Диего Марадонагийн хамт зууны шилдэг тоглогчоор нэрлэж байжээ.

Марадона 2020 онд 60 насандаа өөд болсон юм.

Пеле бараг 20 жилийн турш Бразилын Сантуш клуб болон үндэсний шигшээ багт тоглож байв.

Түүнийг уян хатан, самба бүжиг мэт уран тоглолтоороо хөл бөмбөгийн спортод хувьсгал хийсэн гэж үздэг.

Пелетэй эн зэрэгцэх хөл бөмбөгчнөөр зөвхөн Марадона, Лионел Месси, Кристиан Рональдо нарын нэр яригддаг.

Тэрбээр 1958 онд Шведэд болсон ДАШТ-д 17 настайдаа оролцсон нь түүхэнд бичигдэх дээд амжилт болсон юм. Тэр тэмцээний шигшээ тоглолтод Бразилын баг зохион байгуулагч орны багийг 5:2 харьцаатай хожиход Пеле хоёр гоол оруулж байжээ.

Нутагт нь болох Пелегийн тоглолтыг үзэхийн тулд 1967 онд Нигерийн иргэний дайнд оролцогч талууд галаа зогсоож байсан гэдэг.

Их Британийн хатан хаан Элизабет 1997 онд түүнд хүлэг баатрын хэргэм зэрэг хүртээж байв.

Умард Америкт хөл бөмбөгийн спортыг сурталчлахаар Вашингтонд зочилсон Пелед АНУ-ын ерөнхийлөгч түрүүлж гараа сунгаад “Намайг Рональд Рейган гэдэг. Би бол АНУ-ын ерөнхийлөгч. Харин та өөрийгөө танилцуулах хэрэггүй. Бүх хүн Пелег танина” гэж хэлж байжээ.

Хөл бөмбөгөөс зодог тайлсныхаа дараа Пеле бизнесмэн, Бразилын спортын сайд, Юнескогийн болон НҮБ-ын элч зэрэг олон янзын нэр зүүж байв.

Тэр бас кино, савангийн дуурьд дүр бүтээж, зохиосон дуугаараа цомог хүртэл гаргаж байжээ.

Пеле нэр нь тэр Биле нэртэй тоглогчийн нэрийг буруу дууддаг байснаас үүдэлтэй гэдэг. Тэрбээр Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 114 удаа тоглохдоо 95 гоол оруулж байжээ.

Харин Сантуш клубт 1956 оноос 1972 оныг хүртэл тоглосон юм.

Европын баян клубүүд түүнд олон удаа санал тавьж байсан ч Пелег үндэсний үнэт эрдэнэ гэж үздэг Бразилын засгийн газар саад хийсээр ирсэн түүхтэй.

Пеле нь Бразилын хөл бөмбөгт “O Jogo Bonito” (португал хэлээр Гоёмсог тоглолт) хэмээх тоглолтын арга техникийг нэвтрүүлсэн юм.

Хувийн амьдралын хувьд Пеле гурван удаа гэрлэж, нийт таван хүүхэдтэй болсноос гадна гэрлэлтээс гадуур хоёр охинтой болж байжээ.



Эх сурвалж: AFP, Associated Press

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 нэмэх 6 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа