Рок-н-роллын хаан дуучин Элвис Преслигийн цорын ганц охин Лиза Мари Пресли 54 насандаа таалал төгсжээ. Түүнийг пүрэв гарагт Калифорни дахь гэртээ зүрх нь зогссон, ухаангүй байхад нь олсон байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж тусламж үзүүлсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна.
“Миний сайхан охин Лиза Мари биднийг орхин явсан гашуун мэдээг хуваалцахад маш хэцүү байна. Тэр бол миний мэдэх хамгийн хүчирхэг, хүсэл тэмүүлэлтэй, хайр татам эмэгтэй байсан” хэмээн түүний ээж Присцилла Пресли мэдэгджээ.
Аавынхаа замналаар явж мэргэжлийн дуучин, дуу зохиогч болсон Лиза Мари Преслигийн 2003 онд гаргасан анхны бие даасан цомог нь олон зуун мянган ширхэг борлогджээ.
Тэрээр дуучин Майкл Жексон, жүжигчин Николас Кейж, хөгжимчин Дэнни Кеог, Майкл Локвуд зэрэг алдартнуудтай гэрлэж байсан бөгөөд гурван хүүхэд төрүүлжээ.