Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өмнө нь баллистик пуужингийн туршилтын бэлтгэлийг шалгахдаа өөрийн охиныг анх удаа дагуулж явсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.
Тэгвэл саяхан тэр бас охины хамт тус улсын Хвасон-17 баллистик пуужингийн технологийг хөгжүүлэгч эрдэмтэд, инженер мэргэжилтнүүдтэй уулзсан тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг өчигдөр мэдээлжээ.
Энэ охин нь Ким Жон Уны хоёр дахь хүүхэд, 9-10 орчим настай Жү Э болохыг Өмнөд Солонгосын тагнуулын алба эхний мэдээний дараа парламентын гишүүддээ мэдээлж байв.
Умард Солонгосын төв хэвлэл түүнийг удирдагчийн “хамгийн хайртай хүүхэд” гэж онцолжээ.
Өмнө нь цацагдсан мэдээний гэрэл зурагт охины ээж Ри Сол Жү харагдаж байсан бол харин энэ удаа үзэгдээгүй байна.
зураг
Ким Жон Ун “хайртай хүүхэд”-ээ хоёр дахь удаа чухал арга хэмжээнд дагуулж явсан нь өөрийн залгамжлагчийг зарлаж буй үйлдэл байх магадлалтай гэж зарим судлаачид таамаглажээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүд өмнө нь Ким Жон Уныг 2010, 2013, 2017 онуудад төрсөн гурван хүүхэдтэй гэсэн таамаг дэвшүүлж байв.
Удирдагчийнхаа бусад хүүхдүүдийн нь талаар Умард Солонгосын төв хэвлэл огт мэдээлж байгаагүй юм.
Ким Жон Ун өөрөө Пёньяны дэглэмийг 70 гаруй жил удирдаж буй гэр бүлийн гурав дахь үеийн төлөөлөгч билээ.
Тэрбээр 2011 онд өөрийн эцгийг нас барахад төрийн эрхийг шилжүүлэн авч байжээ.
Ким Жон Ун охиноо ил дагуулж явах болсон нь цөмийн зэвсэг бол тус улсын ирээдүйн баталгаа гэсэн ойлголтыг өөрийн ард иргэдэд өгөх зорилготой байж болзошгүй гэж бас судлаачид үзэж байна.
Гэхдээ залгамжлагчаа хүүхэд насанд нь ил зарлах бол Пёньяны дэглэмийн хувьд цоо шинэ үзэгдэл юм. Өмнө нь Ким Жон Ун болон түүний эцэг Ким Жон Ил нарыг Умард Солонгосын төв хэвлэл зөвхөн насанд хүрснийх нь дараа мэдээндээ анх удаа дурдаж байжээ.
Эх сурвалж: Associated Press