Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим харилцаа, холбоо хөгжлийн яам хамтран мэдээлэл хийлээ. Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “Хүүхдийн мөнгө олгох аргачлалыг боловсруулахад төрийн 10 гаруй байгууллага Дэлхийн банк хамтран ажилласан. Энэ аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэхдээ Тайланд, Бразил, Турк зэрэг олон орон ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Энэхүү орлогыг орлуулан тооцох аргачлал олон улсад ашиглагддаг, өрхийн орлого мөн хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийдэг арга юм. Энэхүү аргачлалын дагуу өрхийн үнэлгээг хийхэд хүүхдийн мөнгийг олгох зорилтот бүлгийг 91 хувь гэж тогтоосон. Аргачлалын хувьд зөв ажиллаж байгаа гэдэгт боловсруулсан ажлын хэсгийн зүгээс бүрэн итгэлтэй байна. Иргэдийн мэдээлэлд чанарын асуудал байх юм бол төр иргэд хамтраад мэдээллээ сайжруулах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ