Улсын Их Хурлын "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо"-оос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-д өнөөдөр 11 компанийн зээлд холбогдуулан 23 гэрчийг дууджээ.
Сонсголд "Изинис эйрвэйз" ХХК-ийн гэрч мэдээллээ өгсөн бол "Пирамид орд" ХХК-ийн зээлийг хэлэлцэж эхэллээ. "Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлаар Түр хорооны сонсголд нийт найман гэрчийг дууджээ. Эдгээрийн гурав нь Хөгжлийн Банкны өмнөх удирдлага бол тав нь тус компанийн хамаарал бүхий этгээд байна.
Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр ирээгүй, зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй бол хэлтсийн захирал асан Б.Уянга оролцохоор ирж байгааг ажлын албанаас танилцууллаа. Харин Пирамид орд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон хоёр өмгөөлөгчийн хамтаар, тус компанийн хамаарал бүхий этгээд Д.Батжаргал нар ирсэн бол нягтлангаар ажиллаж байсан Ц.Хонгормаа өөрөө оролцох боломжгүй гээд өмгөөлөгч М.Сонинбаярыг явуулсан байв.
Тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан ч тэрээр "Намын дотоод сонгуулийн ажилтай. АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул оролцох боломжгүй болохоо мэдэгдсэн байна.