Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өөрийн Фэйсбүүк хуудастаа “… цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай болох нь зөв гэдэг байр суурьтай байна. Та бүхэн маань юу гэж бодож байна.” гэсэн пост бичиж оруулж байсан.
Гэтэл энэхүү пост орсноос хэдхэн хоногийн дараа ЦХХХ-ны сайд Н.Учрал дээрх хуулийн төслийг УИХ-ын даргад “нэн яаралтай” горимоор хэлэлцүүлж өгнө үү хэмээн өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл нь цахим орчин дахь хүний эрхийг хамгаалж, зүй зохисгүй агууламжтай контент, постуудыг хязгаарлах зорилготой ч зарим талаараа эрх мэдэлтнүүдийн талд ашигтайгаар эргэж байгаад иргэд бухимдалтай байгаа юм.
Энэ талаар тэрээр, “Намайг барьж идэцгээ. Би тролчидоос айхгүй. Ирээдүй хойчийн төлөө төрд зүтгэсэн түүхэн үүргээ гүйцэтгэж байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол цагдах, хориглох зорилготой хууль биш. Цахим цагдаа эрүүгийн, зөрчлийн гэмт хэрэг тулгах гээд байгаа зүйл ердөө биш. Энэ хууль бол болзошгүй эрсдэлээс хүний эрхийг хамгаалах зорилготой хууль. Энэ хуулийг батлагдахаас эмээж байгаа олон троллуудын дайралтаас айж хойш суух хүн би биш. Би энэ хуулийг ирээдүйнхээ төлөө хийж байгаа чухал алхам гэж зорьж хийж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.