УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.11.28/ танилцууллаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Аялал жуулчлалын тухай хуулийг МАН-ын бүлгээс дэмжиж байна. Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийг төслийг өргөн барьж байгаа. Бас үүнтэй хамт Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүлж байгаа. Энэ хуулийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Тэр байтугай энэ ондоо багтааж, хуулийг батлах нь зүйтэй гэж үзсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Аялал жуулчлалын тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран гадаадын жуулчдын аюулгүй байдлыг ханган ажиллана. Тухайн орон нутгаас аяллын маршрутыг батална. Аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутаг авна. Аялал жуулчлалын шинэ санг байгуулж, дөрвөн чиглэлээр төсвөө зарцуулна. Тодруулбал, аялал жуулчлалын салбарыг дотоод болон гадаадад сурталчлах, дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүн бий болгоход чиглэнэ. Агаарын тээврийн үйлчилгээний үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллана.
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийнэ. УИХ 1998 онд Казиногийн хуулийг баталсан ч огт хэрэгжээгүй. Одоо аялал жуулчлалын салбарт энэ хуулийг цэнгээнт аялал жуулчлалын чиглэлээр оруулж ирэхгүй бол доголдолтой болно. Бид Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна.