Өнгөрсөн аравдугаар сард урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл одоо прокуророос шүүхэд шилжсэн талаар ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга П.Сайнзориг мэдээллээ.
Тэрбээр яагаад шүүх шинжилгээний хариу хоёр өөр гарсан талаарх сэтгүүлчийн асуултад “Хүн хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг. Эхэндээ хөнгөн гарч байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан бэртэл гэмтэл нь дархлаа болон бусад хүчин зүйлээс болж хүндэрч болно. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгдөнө. Эхлээд хүнд бэртэл авчхаад хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан тохиолдол ч байдаг. Дахиад л дүгнэлт гарч зүйл анги өөрчлөгддөг. Хүний биеийн онцлог гэж байгаа. Нөхцөл байдлууд болон бугшаад явах бололцоотой. Цаашдаа шүүх шинжилгээний хуулиуд өөрчлөгдөж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг прокурорын зөвшөөрлөөр гаргаж байгаа этгээд өөрөө тайлбарлана” гэв.
Эргэн сануулахад, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Ч.Маралмаа авто осол гаргасан. Улмаар урсгал сөрж бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөж, гэмтээсэн. Нэг охиных нь Шүүх шинжилгээний хариу эхлээд хөнгөн гэж гарснаа дараа нь охины биеийн байдал олон нийтэд ил болж, эцэг эх нь хэвлэлд хандсаны дараа хүндэвтэр болж өөрчлөгдсөн билээ.