Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог Хавайн арал дахь Мауна Лоа галт уул сүүлийн 39 жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрлээ.
Галт уулын халуун лаав одоогоор суурьшлын бүсэд хүрээгүй байгаа учир нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
Гэхдээ нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх эрсдэлтэй тул оршин суугчдад галт уулын үнс нурам, бусад аюулаас болгоомжилж бэлтгэлтэй байхыг албаныхан анхааруулж буй.
Далайн түвшнээс 4169 метрийн өндөрт орших Мауна Лоа галт уул нь Хавайн арлын тал хувийг буюу 5179 кв.км талбайг эзэлдэг. Тус арал 200 мянга гаруй оршин суугчтай. Мауна Лоа галт уул хамгийн сүүлд 1984 онд дэлбэрснээсээ хойш унтаа байдалтай байсан. Дэлбэрэлттэй холбоотойгоор тус аралд олон тооны газар хөдлөлт, чичирхийлэл мэдрэгджээ.