Аравдугаар сард орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд шинээр 779 зээлдэгчид 73 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэл аравдугаар сарын эцсийн байдлаар нэг их наяд 16 тэрбум төгрөг давсныг Монголбанк мэдээллээ.
Аравдугаар сард 682 зээлдэгчээс 64.1 тэрбум төгрөгийн зээл хүссэн өргөдөл иржээ. 2022 он дуустал Цар тахлын тухай хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байгаа юм.
Аравдугаар сард зургаан хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлт 3.3 тэрбум төгрөг байсан бол хугацаанаасаа өмнө нэг тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн аж.
Орон сууцны санхүүжилтийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн УИХ-ын тогтоолын төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойших нийт санхүүжилтийн үлдэгдэл 6.2 их наяд төгрөгийг шилжүүлэх болж байгаа аж.
Аравдугаар сард арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс 62.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосноор нийт үлдэгдэл 1.5 их наяд төгрөг хүрчээ. Арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс олгож буй зээлийн жилийн хүү хамгийн ихдээ 24 хувьтай байгаа бол жигнэсэн дундаж хүү 13.7 хувьтай байна.